Умайн хүзүүний хорт хавдаргүй ирээдүйн төлөө бид хамтдаа.

A- A A+
Умайн хүзүүний хорт хавдаргүй ирээдүйн төлөө бид хамтдаа.

Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэхийн тулд дэлхий нийтээр ДАРХЛААЖУУЛАЛТ, ЭРТ ИЛРҮҮЛЭГ, ЭМЧИЛГЭЭ гэсэн 3 үндсэн арга техникийг хэрэгжүүлж байна. Манай улсын хувьд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл 10000 хүн амд 20.2 буюу дэлхийн 185 орноос 53 дугаарт, нас баралтаар 10000 хүн амд 9.6 буюу 69 дүгээрт эрэмбэлэгдэж байна. 

Сэлэнгэ аймгийн хэмжээнд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл 10000 хүн амд 4.4 буюу зонхилон тохиолдох өвчлөлийн 5 дугаарт, нас баралт 10000 хүн амд 3.7 буюу мөн 5 дугаарт эрэмбэлэгдэж байна. Аймгийн хэмжээнд 2025 онд умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийг амжилттай зохион байгуулж, зорилтот бүлгийн 7206 эмэгтэй хамрагдахаас 3690 буюу 51.2 хувийг хамруулж, эрсдэл бүхий 571 эмэгтэйг дараагийн шатлалын эмнэлэгт онош тодруулахаар илгээж ажилласан. Үүнд: LSIL буюу хавтгай хучуур эсийн хөнгөн гэмтэц 112, HSIL буюу хавтгай хучуур эсийн хүнд гэмтэц 8, ASC-H буюу хавтгай хучуур эсийн хүнд гэмтэц байхыг үгүйсгэхгүй 83, ASC-US буюу тодорхой хэв шинжгүй гажигшилтай хавтгай эсүүд 368 тус тус илэрчээ. 

Харин өнөөдөр Хавдар судлалын үндэсний төвөөс дээрхи тусламж, үйлчилгээг сайжруулах арга хэмжээний хүрээнд "Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэгт хүний папиллома вирусын шинжилгээг авах арга техник, тээвэрлэлт, цахим программ хангалт" сэдэвт танхимын сургалтыг сум, тосгон, өрхийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зохион байгуулж байгаад талархалтай байна. 

Сэдвийн хүрээнд "Чадварлаг эмч, чадварлаг эх баригч, чадварлаг эмнэлгийн мэргэжилтнүүд" бэлтгэгдсэнээр бид хамтдаа умайн хүзүүний хорт хавдрын эсрэг тэмцэх, урьдчилан сэргийлэх мэдлэг, ур чадварыг эзэмшиж, иргэдэд чанар, хүртээмжтэй тусламж үйлчилгээг хүргэх боломж бүрдэх ач холбогдолтой. 

Сэлэнгэ аймгийн хувьд 2012 онд умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх Хүний папиллома вирусын эсрэг дархлаажуулалтыг зохион байгуулж байсан бол 2025 оны байдлаар зорилтот бүлгийн 86,2% амжилттай хамрагдалттай байна. 

Сургагч багшаар ажиллаж буй Хавдар судлалын үндэсний төвийн Хавдрын бүртгэл тандалтын албаны хавдар судлаач, их эмч Т.Ундармаа даргатай баг, хамт олонд баярлалаа. 

Умайн хүзүүний хорт хаваргүй ирээдүйн төлөө бид хамтдаа. 

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн төв