Сэлэнгэ аймагт нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын бэлэн байдлыг хангах салбар хоорондын уулзалт боллоо.

A- A A+
Сэлэнгэ аймагт нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын бэлэн байдлыг хангах салбар хоорондын уулзалт боллоо.

2026 оны 10-р сарын 14–17-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын бэлэн байдлыг хангах төлөвлөгөө боловсруулах салбар хоорондын уулзалт боллоо. Уулзалтад Аймгийн Засаг даргын Тамгын газар болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Суурин төлөөлөгч оролцож, дэмжлэг, санхүүжилт, хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэв.
Уулзалтын өмнө Онцгой байдлын ерөнхий газар, ХӨСҮТ, ЗӨСҮТ болон ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтнүүдээс бүрдсэн баг ажилласан. Баг Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран салбар хоорондын уялдаа, төлөвлөлт, тандалт, хариу арга хэмжээний чадавхыг үнэлэв. Тэд Алтанбулаг дахь хилийн боомт, Аймгийн нэгдсэн эмнэлэг, Зоонозын өвчин судлалын төвд ажиллаж, Алтанбулаг боомтод бодит нөхцөлийн дасгал зохион байгууллаа.

Сэлэнгэ аймаг Ковид-19 цар тахлын хариу арга хэмжээг амжилттай зохион байгуулж, энэ хугацаанд чадавхаа сайжруулсан нь сайн тал болохыг онцлов. Мөн аймаг томуугийн тандалтын тайланг тогтмол гаргаж, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд эргэн мэдээлдэг. 17 сум, 5 өрхийн эрүүл мэндийн төвөөс өдөр тутмын мэдээлэл авч, дүн шинжилгээ хийн эргэн мэдээллээр хангадаг ба нэгжүүд тайлан мэдээг үйл ажиллагаандаа тогтмол ашигладаг нь тандалтын давуу тал юм.
Уулзалтаар дараах чиглэлүүдийг сайжруулах богино болон урт хугацааны арга хэмжээг хэлэлцлээ: салбар хоорондын уялдаа, мэдээлэл солилцоо, өргөжүүлсэн тандалт, хилийн боомтын тандалт, лабораторийн оношилгооны чадавх, халдварын сэргийлэлт, нөөцийн бэлэн байдал. Цаашид Сэлэнгэ аймгийн ЗДТГ, ЭМГ болон холбогдох байгууллагууд салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж, зөвлөмжийн хэрэгжилтийг ханган ажиллана.
Иргэдэд зөвлөх нь: ОХУ, тэр тусмаа Эрхүү хотоос ирснээс хойш 10 хоногийн дотор халуурах, ханиалгах, амьсгаадах шинж тэмдэг илэрвэл ойролцоох эрүүл мэндийн байгууллагад хандаж, зорчсон түүхээ мэдэгдээрэй. Албан ёсны мэдээллийг зөвхөн эрүүл мэндийн байгууллагын эх сурвалжаас авна уу.

Мэдээллийн эх сурвалж: ДЭМБ, ХӨСҮТ-ийн ажлын алба 

Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төв