Монгол Улсын Алсын хараа 2050, Дархлаажуулалтын тухай хууль, Засгийн газрын 2023 оны 472 дугаар тогтоолоор шинэчлэн байгуулагдсан дархлаажуулалтын үндэсний товлол, Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/528 дугаар тушаалаар батлагдсан “Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээний 2022-2025 оны төлөвлөгөө” зэргийг үндэслэн Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/455 дугаар тушаалын дагуу 2024 оны 11 дүгээр сараас эхлэн ХПВ-ийн халдварын эсрэг вакцинаар товлолын дагуу дархлаажуулах ажил орон даяар эхэлсэн.
ХПВ-ийн халдварын эсрэг дархлаажуулалтыг товлолд нэвтрүүлэхэд МУ-ын Засгийн газар, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан Гави-Вакцин Дархлаажуулалтын Глобал Альянс байгууллагатай хамтран төсөл хэрэгжүүлж, төслийн хүрээнд үндэсний болон орон нутгийн түвшний эрүүл мэндийн ажилтан, бусад оролцогч талуудын чадавхыг дээшлүүлэх, зөв мэдээллээр хангах, эрсдэлийн харилцаа холбооны стратеги боловсруулах, дархлаажуулалтын дараах урвал хүндрэлийн тандалтыг сайжруулах чиглэлээр арга хэмжээ авч ажиллаж байгаа.
Энэ ажил орон нутагт хэрхэн хэрэгжиж байгаад хяналт тавьж дүн шинжилгээ хийхээр Гави-Вакцин Дархлаажуулалтын Глобал Альянс байгууллагын төлөөллүүд манай аймагт ирж, улмаар аймгийн ЭМГ-ын Дархлаажуулалтын өнөөгийн байдал мөн сумын түвшинд хэрхэн үйл ажиллагаа явуулж байгааг газар дээр нь үзэхээр Шаамар сумын Эрүүл мэндийн төвийг сонгож үйл ажиллагаанд хяналт тавьж ажилласан байна.
Сэлэнгэ аймагт өнөөдрийн байдлаар ХПВ-ийн халдварын эсрэг товлолт дархлаажуулалтад 1261 зорилтот бүлгийн 11 настай эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд хамрагдаж мөн сургалт нөлөөллийн ажлыг сумдад тасралтгүй зохион байгуулан ажиллаж байна.