Сэлэнгэ аймгийн Засаг даргын ивээл дор “Салбарын хөгжилд-Бидний манлайлал” эмч, эмнэлгийн мэргэжилтний судалгааны ажил, гүйцэтгэх ур чадварыг сайжруулах бодлого зорилтын хүрээнд өнөөдөр /2025.05.22/ аймгийн Эрүүл мэндийн газрын “Эрдмийн жим” танхимд онол практикийн бага хурал зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн онол практикийн бага хурал аймгийн Засаг даргын ивээл дор анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Учир нь: Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Чадварлаг эмч, Чадварлаг-Сувилагч, Чадварлаг-Эмнэлгийн мэргэжилтэн” хөтөлбөр хэрэгжинэ. Энэхүү хөтөлбөр зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн ЭМГ-аас салбарын хэмжээнд “Сүүн мөртэй-Эрүүл мэндийнхэн” сарын аян өрнүүлж, нотолгоонд суурилсан сайн туршлага мэдлэгийг бусдад түгээж дэлгэрүүлэхээр ийнхүү цуврал арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байна.
Өнөөдөр болж буй онол практикийн бага хуралд 17 сум 6 тосгоны төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас 16 эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн оролцож, улмаар нотолгоонд суурилсан анагаах ухааныг хөгжүүлэх чиглэлээр эрдэм мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдөж байна.
Онол практикийн бага хурлыг шүүхээр АУ-ны доктор, профессор, Монгол Улсын Гавьяат багш Н.Сүмбэрзул, Монгол Улсын Хүний гавьяат эмч, “Энэрэлт үйлс” эмнэлгийн захирал С.Сарантуяа, АУ-ны доктор профессор П.Цэдэн нар шүүгчээр ажиллаж мөн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн Эрүүл мэнд, спортын бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Санаа-Амар оролцлоо.