Хүйн Ээж Тандаа Баярлалаа арга хэмжээ зохион байгууллаа.

A- A A+
Хүйн Ээж Тандаа Баярлалаа арга хэмжээ зохион байгууллаа.

Жил бүрийн тавдугаар сард тохиох сувилагч, тусгай мэргэжилтний тэмдэглэлт өдрийг энэ жил Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар “Хүйн ээж тандаа баярлалаа” арга хэмжээний хүрээнд эрүүл мэндийн салбарт эгэл амьдралаа зориулсан эрхэм хүмүүний гэгээн дурсгалыг хүндэтгэн орон нутагт зохион байгуулах шийдвэр гаргасан байна.

ОУ-ын “Эх баригчдын өдөр”, ОУ-ын “Сувилагчдын өдөр”-ийг тохиолдуулж зохион байгуулсан энэхүү арга хэмжээг Мандал сумын Түнхэл тосгоны Эрүүл мэндийн төвтэй хамтран орон нутагт зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлог болсон.

Тодруулбал, Түнхэл тосгоны Эрүүл мэндийн төвийн анхдагч суурийг тавьсан Батнасангийн САГАРВАЙ эмч, 1960 онд анх Түнхэлийн Мод бэлтгэлийн аж ахуйд аваарын бага эмчээр томилогдож, тэр цагаас хойш 45 жил Түнхэлийн ард иргэдийн эрүүл мэндийн төлөө өөрийн ухамсарт амьдралаа зориулсан Хүйн ээж юм.

Дээрх арга хэмжээг тосгоны удирдлагууд мөн Эрүүл мэндийн төвийн хамт олон болон ЭМТ-ийн үе үеийн ахмад ажилтнууд мөн Б.Сагарвай эмчийн үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, тосгоны ард иргэд талархан хүлээн авч улмаар тосгоны ЭМТ-ийг эх баригч, бага эмч Б.Сагарвай агсны нэрэмжит болгох санал дэвшүүлсний дагуу “Хүйн ээж тандаа баярлалаа” арга хэмжээг тавдугаар сарын 09-нд ийнхүү зохион байгууллаа.

Дурсамж, арга хэмжээний хүрээнд тосгоны Эрүүл мэндийн төвд нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнээс бүрдсэн эрт илрүүлгийн үзлэг оношилгоо зохион байгуулж мөн тосгоны ЭМТ-д Б.Сагарвай эмчийн гэгээн дурсгалыг хүндэтгэсэн “Алдарын өргөө” үзэсгэлэн зохион байгуулснаас гадна ЭМТ-ийн гадна талбайд мод тарих үйл ажиллагаа зохион байгуулж дараа нь тосгоны Соёлын төвд “Хүйн ээж тандаа баярлалаа” уулзалт өдөрлөг боллоо.

 

Дурсамж, уулзалт өдөрлөгт аймгийн ЭМГ-ын дарга, МУ-ын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Ж.Од, Мандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, 5-р баг буюу Түнхэл тосгоны иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.Баттулга, тосгоны Эрүүл мэндийн төвийн хамт олон болон үе үеийн ахмад ажилтнууд тэр дундаа Б.Сагарвай эмчтэй он удаан жил хамтран ажилласан түүний хамтран зүтгэгч н.Пүрэвдагва эмч мөн Б.Сагарвай эмчийн үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, тосгоны ард иргэд оролцож, нэг өдрийг нэгэн цагийн түүхийг бүтээсэн эрхэм хүмүүний тухай дурсамж дүүрэн өнгөрүүллээ.

Түнхэл тосгон || 2025.05.09