МУ-ын Засгийн газрын “Эрүүл шүд” арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу аймгийн Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Эрүүл шүд” зорилт дэвшүүлж, үүний хүрээнд Сэлэнгэ аймгийн Засаг даргын ивээл дор аймагтаа анх удаа “Сувдан инээмсэглэл” шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээнийг хоёр үе шаттай зохион байгуулж, 2025 оны шилдгүүдээ тодрууллаа.
Тэмцээн хоёр үе шаттай болсон. Нэгдүгээр шатны тэмцээн дөрөвдүгээр сарын 25-29 ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн таван бүсэд амжилттай зохион байгуулж, тэмцээнд 34 сургуулийн 4-7 дугаар ангийн 272 хүүхэд өрсөлдөж, бүсийн тэмцээнээс 10 багийн 80 хүүхэд хоёрдугаар шатанд оролцох эрхтэй болж, хоёрдугаар шатны тэмцээн тавдугаар сарын 05-нд аймгийн төвд болж шилдэг багууд шалгарлаа.
Хоёрдугаар шатны тэмцээнд бүсээс шалгарсан 10 багийн 80 сурагч өрсөлдсөнөөс
Нэгт: Сүхбаатар сумын 1 дүгээр сургууль Хоёрт: Зүүнбүрэн сумын ерөнхий боловсролын сургууль Гуравт: Мандал сумын 2 дугаар сургууль тус тус шалгарлаа.
Тэмцээний зорилго, ач холбогдол: Сэлэнгэ аймгийн хэмжээнд амбулаторийн үзлэгт хүүхэд /0-19 нас/-ийн шүдний үзлэгийн хувь 11,9%-ийг эзэлж, үүнээс 5-6 насанд шүд цоорлын эрчим 2,4 хувь, 12 насанд 4 хувь, 18 насанд 5,1 хувьтай гарсан. Үүнийг МУ-ын 2024 оны суурь түвшинтэй харьцуулахад 6 настай хүүхдийн дунд шүд цоорох өвчин 3,6 хувиар бага, харин 12 настай хүүхдүүдийн дунд 1,9 хувиар их гэсэн судалгаа гарсан тул аймгийн хэмжээнд хүүхэд, өсвөр үеийнхний дунд үе тэнгийн сургагч багш бэлтгэх мөн сургалт нөлөөллийн ажлыг эрчимжүүлэхэд тэмцээний зорилго оршиж байна.
Цаашид жил бүр “Сувдан инээмсэглэл” шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж, улмаар шилдэг сурагчдаар дамжуулж сургалт нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ.