УНТЭ-ийн Дотоод шүүрэл судлалын төвөөс томилогдсон баг манай аймагт ажиллалаа.

A- A A+
УНТЭ-ийн Дотоод шүүрэл судлалын төвөөс томилогдсон баг манай аймагт ажиллалаа.

    Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/14 тоот тушаал буюу “Бүсчилсэн хөгжлийг дэмжиж төвлөрлийг сааруулах, лавлагаа шатлалын эмнэлэгт хийгдэж буй эмнэлгийн тусламж үйлчилгээг орон нутагт нутагшуулах" бодлого зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд УНТЭ-ийн Дотоод шүүрэл судлалын төвийн эмч нар манай аймагт ажиллаж байна.

    #Тодруулбал, Улсын Нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/-ийн Дотоод шүүрэл судлалын төвийн эмч нар хамтын ажиллагааны хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Дотоод шүүрлийн тасгийн эмч, удирдлагын багтай уулзаж өнөөгийн түвшин мөн цаашид хэрхэн хамтарч ажиллах тухай ярилцаж, арга зүйн дэмжлэг үзүүлж, сургалт зохион байгууллаа. 

Сургалтад аймгийн Нэгдсэн эмнэлэг мөн Мандал сумын Нэгдсэн эмнэлэг болон өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд, ард иргэд танхимаар болон цахимаар сургалтад хамрагдлаа.

Мөн сургалтын үеэр чихрийн шижинтэй үйлчлүүлэгчдэд үзлэг, зөвлөгөө өгч ажиллалаа.

     Сэлэнгэ аймагт 2021-2024 оны жилийн эцсийн байдлаар нийт давхардсан тоогоор 1285 хүн чихрийн шижин өвчнөөр хяналтад орж үүнээс 2024 онд шинээр чихрийн шижин өвчний оношоор 239 хүн оношлогдож, хяналтад орсон байна. Хяналтад байгаа нийт иргэдийн 467 буюу 36,3 хувь нь нүд, зүрх, бөөр, захын судасны эмгэг зэрэг эрхтэн тогтолцоонд нөлөөлж буй хүндрэлээр хянагдаж байна. Мөн 2024 оны байдлаар нийт хүн амын дунд чихрийн шижин өвчний тархалт 1.2 хувьтай байна гэсэн статистик мэдээлэл байна. Хяналтад байгаа иргэдийн 52.2 хувь нь Сүхбаатар болон Мандал суманд бусад сумдад 47.8 хувьтай байгаа нь хот суурин газарт тархалт өндөр байгааг харуулж байна гэж эмч мэргэжилтнүүд онцолж, цаашид анхаарах асуудлаар зөвлөлдлөө.

    Цаашид хамтын ажиллагааны үр дүнд диабеттай иргэдэд тусламж үйлчилгээг цаг алдалгүй, чанартай үзүүлдэг болох, түүний хүндрэлээс шалтгаалсан нас баралтыг бууруулах мөн тусламж, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого зорилтын хүрээнд ийнхүү УНТЭ-ийн Дотоод шүүрлийн багтай хамтран ажиллаж байна.