Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Саиа Ма'у Пиукала Монгол Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд зургаадугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Зоонозын өвчин судлалын төвд ажилласан.
Тэрбээр тус төвийн үйл ажиллагаатай танилцаж, зоонозын болон шинээр сэргэж буй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хариу арга хэмжээ авах чиглэлээр орон нутагт хэрэгжүүлж буй ажлын явцтай танилцаж, аймгийн ЗӨСТ-ийн мэргэжилтнүүд болон техникийн ажилтнуудтай уулзаж, тандалтын тогтолцоо, лабораторийн чадавх, хүн ба амьтны эрүүл мэндийн салбар хоорондын хамтын ажиллагааны өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонссон.
Мөн амьтнаас хүнд дамждаг өвчний эрсдэлийг бууруулах, нийгмийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд “Нэг эрүүл мэнд” хандлагын ач холбогдол өндөр байгааг онцолсон байна.
Сэлэнгэ аймаг нь хилийн боомт, мал аж ахуй, хүн амын шилжилт хөдөлгөөн зэрэг онцлог хүчин зүйлсийн улмаас зоонозын өвчин болон нийгмийн эрүүл мэндийн бусад эрсдэлийг цаг алдалгүй илрүүлэх, хариу арга хэмжээг шуурхай авах шаардлага өндөр бүс нутгийн нэг юм. Иймээс орон нутгийн тандалт, оношилгоо, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад чухал ач холбогдолтойг айлчлалын үеэр онцолж байлаа.
ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Саиа Ма'у Пиукалагийн энэхүү айлчлал нь орон нутгийн эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэхэд чухал дэмжлэг боллоо.
ЭХ СУРВАЛЖ: Эрүүл мэндийн газар