ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Саиа Ма'у Пиукала тэргүүтэй төлөөлөгчид Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Алтанбулаг дахь хилийн боомтын үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Хорио цээрийн алба болон боомтод үйл ажиллагаа явуулж буй холбогдох байгууллагын удирдлагууд боомтын өдөр тутмын үйл ажиллагаа, зорчигч болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний зохион байгуулалт, хилийн хяналт шалгалтын талаар товч мэдээлэл өгсөн байна.
Мөн төлөөлөгчид гаалийн хорио цээрийн хяналтын үйл ажиллагаатай танилцаж, хилээр нэвтэрч буй зорчигч, ачаа тээврийн хэрэгсэлд тавигдаж буй эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын талаар мэдээлэл сонслоо. Түүнчлэн боомтын лаборатори, тусгаарлах өрөө болон хяналтын зориулалттай бусад байгууламжийн үйл ажиллагаатай танилцаж, хил дамнасан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах бэлэн байдлын талаар мэдээлэл солилцсон байна.
Айлчлалын үеэр хил, гааль, эрүүл мэндийн байгууллагуудын хамтын ажиллагаа, хил орчмын эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мөн санал солилцож ажиллалаа.
ЭХ СУРВАЛЖ: Эрүүл мэндийн газар