“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг үр дүнд хүргэх арга хэмжээний төлөвлөгөөг эрчимжүүлж, чанаржуулахад анхаарна.

A- A A+
“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг үр дүнд хүргэх арга хэмжээний төлөвлөгөөг эрчимжүүлж, чанаржуулахад анхаарна.

Монгол улс 100,000 хүн амд ногдох элэгний эст өмөнгийн шалтгаант нас баралтаар дэлхийд нэгт байгаа нь дэлхийн дунджаас найм дахин их гэсэн судалгаа гарч, вируст гепатитаас сэргийлэх, элэгний өвчин, эндэгдлийг бууруулах үйл ажиллагааг эрүүл мэндийн салбарын тэргүүлэх асуудлын нэгэнд тооцож, МУ-ын Засгийн газраас 2017 онд “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр баталж, хэрэгжүүлсэн билээ.

 

Хөтөлбөрийн хүрээнд монгол улс насанд хүрсэн нийт хүн амын 53 хувийг эрт илрүүлгийн үзлэг оношилгоонд хамруулж, С вирусийн халдварын тархалт 9.3 хувь, В вирусийн халдварын тархалт 8.1 хувьтай байгааг үзлэг оношилгоогоор илрүүлж, халдвартай иргэдийг хяналт эмчилгээнд хамруулж улмаар С вирусийн халдвартай 58.0 мянган иргэдийг эмчилж эдгээсэн бол В вирусийн халдвартай 12.0 мянган иргэд байнгын тогтмол хяналтад орж, эмчилгээнд хамрагдаад явж байгаа юм байна.

Сэлэнгэ аймгийн хувьд 2017-2020 онд хэрэгжүүлсэн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд насанд хүрсэн нийт хүн амын 70 хувийг хамруулж тархалтыг тогтоосон гэсэн статистик мэдээлэл байна.

Дээрх хөтөлбөр зорилттой уялдаж 2022-2025 онд “Элэг бүтэн Монгол” арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, өмнөх ажлаа шинэ шатанд гаргаж хөгжүүлэх хэрэгцээ шаардлага үүссэн гэж үзэн өнгөрөгч долоо хоногт Эрүүл мэндийн сайдын А/018 тоот тушаал баталж, эмнэлгийн тусламж үйлчилгээний удирдамж зааврыг шинэчилсэн байна.

Энэхүү шинэчилсэн удирдамж зааврын хүрээнд эмнэлгийн эмч, мэргэжилтэн хэрхэн ажиллах тухай ЭМЯ-наас томилогдсон мэргэжлийн баг 21 аймагт хүрч заавар зөвлөгөө өгөхөөр анхны сургалтаа Сэлэнгэ аймгаас эхэлж, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ЭМЯ-ны дэргэдэх Дотрын мэргэжлийн салбар зөвлөл, ХӨСҮТ-ийн Тандалтын алба болон Вируст гепатитын тандалтын тасгийн холбогдох дарга, мэргэжилтнүүд ажиллаж байна.

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг үр дүнд хүргэх арга хэмжээний төлөвлөгөөг 2025 он хүртэл хэрхэн хэрэгжүүлэх Эрүүл мэндийн сайдын багц тушаалд эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэхэд хэрхэн юуг анхаарч ажиллах, эмчилгээ хяналтыг хэрхэн үргэлжлүүлэх, оношилгоог хэрхэн явуулах, халдвараас хэрхэн сэргийлж ажиллах зэрэг тусламж үйлчилгээтэй холбоотой журам, зааврыг газар дээр нь танилцуулах мөн Эрүүл мэндийн сайдын багц тушаалыг хэрэгжүүлэх орон нутгийн чадавх газар дээрээ хэрхэн ямар байгааг хянаж, үнэлгээ дүгнэлт өгөх, сургалт мэдээллээр хангах мэргэжлийн баг хоёр өдөр ажиллалаа.

Аймагт зохион байгуулсан сургалтад эрүүл мэндийн анхан шатны нэгж болох өрх, сумын эрүүл мэндийн төв болон лавлагаа шатлалын эмнэлгүүдийн холбогдох эмч, сувилагч, тусгай мэргэжилтнүүд хамрагдсан байна.