Эрүүл мэндийн статистик, тандалтын тогтолцооны чадавхыг бэхжүүлэх үндэсний бага хурал боллоо.

A- A A+
Эрүүл мэндийн статистик, тандалтын тогтолцооны чадавхыг бэхжүүлэх үндэсний бага хурал боллоо.

Эрүүл мэндийн хөгжлийн төв үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), НҮБ-ын Хүн амын сан (UNFPA), НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-тай хамтран “Эрүүл мэндийн статистик, тандалтын тогтолцооны чадавхыг бэхжүүлэх үндэсний бага хурал”-ыг 2026 оны 5 дугаар сарын 27–29-ний өдрүүдэд Улаанбаатар хотын МРМ хурлын их танхимд зохион байгуулагдаж өндөрлөлөө. 

Тус бага хуралд Монгол Улсын 21 аймаг, 330 сум, тосгон, Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагуудаас нийт 500 гаруй эрүүл мэндийн мэдээллийн мэргэжилтэн, биостатистикч эмч, бүртгэл мэдээллийн ажилтан, салбарын төлөөлөл оролцож буйгаараа онцлог бөгөөд үндэсний хэмжээний хамгийн өргөн хүрээтэй уулзалт, хэлэлцүүлгийн нэг болсон.

Бага хурлын хүрээнд эрүүл мэндийн статистик, тандалтын тогтолцоог боловсронгуй болгох, мэдээллийн чанар, уялдаа холбоо, ашиглалтыг сайжруулах чиглэлээр үндэсний болон олон улсын түвшний бодлого, туршлага, шинэчлэлийн асуудлыг хэлэлцсэн.

Эрүүл мэндийн хөгжлийн төв нь үндэсний хэмжээнд эрүүл мэндийн статистик мэдээллийг цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийх, нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг бөгөөд энэхүү бага хурал нь эрүүл мэндийн мэдээллийн тогтолцоог шинэ шатанд гаргах, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж зохион байгуулагдаж өнгөрлөө.