Дэлхийн улс орнууд 1988 оноос хойш жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг “Дэлхий нийтээр ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж ирсэн.
Энэ өдрийн үндсэн бэлэгдэл болох улаан тууз нь ХДХВ, ДОХ-ын улмаас нас барсан олон сая хүмүүсийн дурсгал, ХДХВ-ийн халдварыг бүрэн эмчлэх эм, түүнээс урьдчилан сэргийлэх вакцин удахгүй гараасай гэсэн итгэл найдвар, ХДХВ, ДОХ-той хүмүүсийг нийгмээс тусгаарлах, ялгаварлан гадуурхах, хүнлэг бус хандлагыг эсэргүүцэж буйн илэрхийлэл, ХДХВ, ДОХ-той хүн бүр, тэдний төрөл садан, найз нөхөд, ойр дотны хайртай хүмүүсийн эв нэгдлийн хүчтэй бэлгэ тэмдэг болсоор байна.
Энэ жил манай улс ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийг “Асуудлыг шийдье, ДОХ-ын хариу арга хэмжээг сайжруулъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Нэгдсэн үндэсний байгууллагын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрөөс 2024 оны эцсийн байдлаар дэлхий даяар 40.8 сая хүн (15-аас дээш настай- 39.4 сая, хүүхэд-1,4 сая) ХДХВ-ийн халдвартай амьдарч байгаагаас 53 хувийг нь охид, эмэгтэйчүүд эзэлж байна. ХДХВ-ийн халдварын шалтгаанаар 630,000 хүн нас барж, 1,3 сая хүн шинээр халдвар авсан байна.
2021 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей 95-95-95 зорилт буюу ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн 95 хувийг оношилж, түүнээс 95 хувийг нь эмчилгээнд хамруулан, түүнээс 95 хувийнх нь вирусийн ачааллыг дарангуйлах зорилт баталсан.
2024 оны эцсийн байдлаар дэлхий дахинд тус зорилт дараах үзүүлэлттэй байна:
ХДХВ, ДОХ-ын эмчилгээ болох Ретровирусийн эсрэг эм гарснаар дэлхий даяар сая сая хүний амийг аврахаас гадна бусад хүмүүст халдвар дамжуулах эрсдлийг бууруулсаар байна.
Дэлхий дахинд:
Монгол улсад 2025 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 8777 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 18.7 хувийг эзэлж байна. Өмнөх оны мөн үеэс 431 тохиолдлоор буурсан. Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 41.9 хувийг тэмбүү, 34.3 хувийг заг хүйтэн, 23.4 хувийг трихомониаз, 0.4 хувийг ХДХВ, ДОХ тус тус эзэлж байна.
Монгол улс нь нийт хүн амын дунд ХДХВ-ийн тархалт багатай орны тоонд ордог ч эрсдэлт бүлгийн хүн амын дунд халдварын төвлөрсөн тархалттай байна. ХДХВ-ийн халдварын тохиолдлын барагцаалсан тооцооллоор 2025 онд нийт 694 хүн байх боломжтой байна.
Манай улсад 1992 оноос хойш ХДХВ-ийн халдварын 424 тохиолдол бүртгэгдсэнээс 71 хүн нас барсан.
Монгол улсын хэмжээнд 95-95-95 зорилт:
Бүртгэгдсэн ХДХВ, ДОХ-ын тохиолдлын 99.7% нь бэлгийн замаар дамжин халдварласан. ХДХВ, ДОХ-той амьдарч байгаа 20 эмэгтэй 35 хүүхэд төрүүлсэн, үүнээс 14 эх давтан төрсөн ба эхээс хүүхдэд ХДХВ-ийн халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй.
Нийт тохиолдлуудын 14.6%-ийг эмэгтэйчүүд, 85.4%-ийг эрэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд 56.2% нь 20-34 насандаа оношлогдсон байна.
“Асуудлыг шийдье, ДОХ-ын хариу арга хэмжээг сайжруулъя” уриан дор нэгдэж, хамтдаа хичээцгээе.
Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!