ЭРҮҮЛ ЗҮРХТЭЙ МОНГОЛ ХҮН БАЙХ НЬ ЗӨВХӨН ТАНИАС ШАЛТГААЛНА

A- A A+
ЭРҮҮЛ ЗҮРХТЭЙ МОНГОЛ ХҮН БАЙХ НЬ ЗӨВХӨН ТАНИАС ШАЛТГААЛНА

Урьдчилан сэргийлж болох зүрх судасны тогтолцооны өвчний шалтгаант нас баралт сүүлийн жилүүдэд 35-аас дээш насанд тасралтгүй өсөх хандлагатай байгааг судалгаагаар харуулсан байна.

2024 оны Эрүүл мэндийн хөгжлийн төвийн статистик мэдээлэлд дурьдснаар Монгол Улсад 30-70 насны хүн амын дундах зүрх судас, хавдар, чихрийн шижин, амьсгалын замын тогтолцооны өвчлөлийн нас баралт 10000 хүн амд 35.0 байгаа нь дэлхийн дунджаас 2 дахин өндөр байна.

Энэ тоо нь монгол орны газар зүйн байрлал, хүн амын нягтаршил, амьдрах орчин нөхцлөөс хамааран харилцан адилгүй байгаа. Тухайлбал Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын статистик мэдээлэлд дурьдсанаар тус аймгийн хувьд цусны эргэлтийн тогтолцооны шалтгаант нас баралт 10000 хүн амд 18.7 байгаа нь мөн л цаашид зайлшгүй анхаарах асуудлын нэг болжээ гэдгийг харуулж байна. Аймгийн хэмжээнд 2025 оны ыайдлаар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, үзлэг, оношилгоонд 2377 иргэн буюу

18-30 насанд 260 иргэн

31-45 насанд 866 иргэн

46-60 насанд 910 иргэн

61-ээс дээш 341 иргэн, үүнээс эрэгтэй 44,3%, эмэгтэй 55,7% тус тус хамрагдсан байна.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2022 -2025 оны хагас жилийн байдлаар 6 багц үзлэгт 46243 иргэн буюу нийт хүн амын 43.3%-ийг хамруулаад байна. Эндээс харахад залуучуудын хамрагдалт харьцангуй бага байгаа юм.

Иймээс зүрх судасны буюу халдварт бус өвчлөлийн улмаас үүсэж байгаа гэнэтийн нас баралтаас сэргийлэхийн тулд иргэд, залуучууд урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэгт хамрагдах асуудал нэн түрүүнд тавигдаж байна. Сэлэнгэ аймагт урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгийг жил бүр тогтмол зохион байгуулж байна. Халдварт бус өвчний эрт илрүүлгийн зарим статистикаас дурдвал:

Артерийн гипертензийн эрт илрүүлэгт нийт 27070 хүн буюу 37.3%, чихрийн шижин хэв шинж – 2 эрт илрүүлэгт нийт 25951 хүн буюу 35.7%, элэгний эрт илрүүлэгт нийт 23719 хүн буюу 32.6%, хөх умайн хүзүүний эрт илрүүлэгт нийт 1331 хүн буюу 25.9%-тай тус тус хамрагдсан байна. Умайн хүзүүний эрт илрүүлгээр шинэ илэрсэн өвчлөлийг лавлагаа шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулж онош батлуулах, батлагдсанг эмчилгээ хяналтанд авч ажиллаж байна. Эмчилгээ хяналтандаа хамрагдсан иргэдийг сум, тосгон, өрхийн ЭМТ-үүд диспансерийн хяналтандаа авч эргэх холбоотой ажиллаж байна.

Эрт илрүүлэг үзлэгийн ач холбогдлын талаар сургалт сурталчилгааг хийж 16000 гаруй хүнд хүргэж ажилласан боловч иргэдийн хамрагдалт хангалтгүй байсаар байна.

АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ ГЭДЭГ ЗҮЙЛ ХЭЗЭЭ Ч ЭМИЙН ӨМНӨ ЯВЖ БАЙДАГ, ИЙМЭЭС СЭРГИЙЛЖ БОЛОХ БҮХ ЗҮЙЛ 100 ХУВЬ ТАНИАС ШАЛТГААЛНА

Сүүлийн үед залуус ихээр өртөөд байгаа нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон зүрх судасны өвчин, түүнээс хэрхэн сэргийлж болох талаар Улсын 1-р төв эмнэлгийн зүрх судасны эмч Ц.Отгонцэцэг ярьж байна.

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Эрүүл зүрхтэй монгол хүн байхын үндэс юу вэ?

-Зүрх бол өөрөө эд эрхтэн рүү цусаа шахдаг булчинлаг эрхтэн. Эрүүл зүрхгүй байх юм бол эд эрхтэн өөрөө тэжээлээр дутагдана гэсэн үг. Иймээс бүх эд эрхтэний хэвийн системд үйл ажиллагаа хангагдаж байх юм бол түүнийг эрүүл булчинлаг зүрхтэй хүн гэж үзнэ.

-Зүрх судасны өвчлөл залуужих боллоо. Нас баралтын тэргүүлэх шалтган болж байгаа энэ өвчнийг хүмүүс ковидын вакцинтай холбон үзэх болсон. Энэ талаар эмч хүний хувьд иргэдэд үнэн зөв мэдээллийг өгнө үү?

-Гэнэтийн нас баралт гэж ярьдаг. Зүрх судасны өвчний шалтгаант нас баралтын тэргүүлэх шалтгаан бол аритерийн даралт юм. Үүнийгээ хянаж чадахгүйн улмаас гэнэтийн нас баралтад өртөж болдог. Мөн нөгөө талаар оношлогдохгүй явсаар залуу хүмүүст хэм алдагдлын шалтгаантай нас баралт үүсэж байна.

Мөн зүрхний ишеми, цээжний бах, цочмог шигдээс гэж ярьдаг энэ бүхэн зүрх судасны өвчний гэнэтийн нас баралтад хүргэдэг.

Гэхдээ тухайн хүний нас, эрэгтэй эмэгтэй хүйс, бодисын солилцооны эмгэг өөрчлөлт ямар байна, хавсарсан эмгэг өөрчлөлт хэр байна гэдгээс бас шалтгаална.

Харин вакцинтай холбоотой гэнэтийн нас баралт гэж байхгүй.

-Танай эмнэлэг бол улсдаа томд тооцогддог эмнэлэг. Орон нутгаас иргэд их ирж үйлчлүүлдэг. Мэдээж иргэд орон нутгаас авч чадахгүй байгаа үйлчилгээгээ авах гэж зорьж байгаа?

-Бид амбулаторийн 6 цонхоор иргэдэд үйлчилдэг. Манайд 21 аймаг, 9 дүүргээс иргэд ирж онош тодруулахаар үйлчлүүлж байна. Мөн зүрх судасны өвчний хүндрэлээр ихэвчлэн ирж үйлчлүүлдэг. Манайх амбулаториор харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлдэг.

ГОЛ ШАЛТГААНЫГ НЬ АРИЛГАЧИХ ЮМ БОЛ ЭНЭ ӨВЧНӨӨР НАС БАРААД БАЙГАА ИРГЭДИЙНХЭЭ ТООГ ЦӨӨРҮҮЛЖ ЧАДНА

-Зүрх судасны өвчнийг үүсгээд байгаа гол хүчин зүйл юу вэ?

-Зүрх судасны өвчлөл өөрөө халдварт бус өвчлөлд ордог. Энэ халдварт бус өвчлөл нь нийт нас баралтын 80 хувийг эзэлдэг. Гэхдээ зүрх судасны өвчнийг дангаар нь халдварт бус өвчин гэж үзэхгүй. Чихрийн шижин, хорт хавдар, амьсгалын замын тогтолцооны, архаг гэсэн 4 том бүлэгт ордог. Зүрх судасны өвчний нас баралт дотроо тэргүүлэх шалтгаан нь аритерийн даралт гэж үздэг. Аритерийн даралт нь өөрөө тархины харвалт, зүрхний шигдээсний 70-80 хувийг эзэлж байна.

Эдгээр гол шалтгааныг нь арилгачих юм бол энэ өвчнөөр нас бараад байгаа иргэдийнхээ тоог цөөрүүлж чадна гэсэн үг. Тэгэхээр аритерийн даралтаа зөв зүйтэй оношлоод эмчлэх нь чухал.

Яг даралт ихсэлтийн гол эмчилгээ гэх юм бол тухайн өвчтөн үйлчлүүлэгчээс өөрөөс нь 100 хувь шалтгаалдаг. Эрүүл амьдралын хэв маягийн өөрчлөлтийг удаан хугацаанд амьдралын хэв маягаа болгож өөрчилж чадаж байна уу гэдгээс ихээхэн шалтгаална. Энэ бол маш чухал.

Мөн эмийн эмчилгээ орж ирнэ. Дараа нь эрүүл амьдралын хэв маягт зүрх судасны системд хэрэгтэй хоол хүнс хэрэглэх, идэвхтэй дасгал хөдөлгөөнийг бий болгох, согтууруулах ундааг хязгаарлах, тамхийг татгалзах зэрэг хэв маягийг амьдралынхаа туршид дадал болгож чадах юм бол үнэхээр зүрх судасны өвчнөөр нас бараад байгаа эрсдэлт хүчин зүйлийг арилгаж чадна.

Эмийн эмчилгээг тухайн эмчдээ үзүүлээд зөв оношлоод, тохирсон эмийг зөв тунгаар удаан хугацаагаар тогтмол уух нь үр дүнтэй.

-Урьдчилан сэргийлэх үйлчилгээг хэрхэн үзүүлж байна вэ?

-Манай эмнэлэгт иргэдэд зориулсан дэмжих төв ажилладаг. Энд ямар хүмүүс ирэх вэ гэхээр урьдчилан сэргийлэх зорилгоор хамрагдах хүсэлтэй байгаа иргэдийг очер дугааргүйгээр, үнэ төлбөртэй авч үйлчилгээ үзүүлдэг. Дэмжих төв дээр хооллолтын зөвлөгөө өгөхөөс гадна нарийн мэргэжийн эмч нарыг шаардлагатай бол дуудаад үзүүлэх үйлчилгээг өгдөг.

Хамгийн сүүлд гарсан ДЭМБ-ын тооцооллоор халдварт бус өвчлөлийн нас баралтыг монгол улсад 30-70 насны хүмүүсийн дундах нас баралтын магадлал гэж гаргадаг. Түүгээр 26.3 хувь гэж гарсан. Энэ нь дэлхийн дунджаас өндөр 17.3 байгаа.

- Ямар хүмүүс өртөж байна вэ?

-Манайд өдөр тутамдаа үзүүлж байгаа хүмүүсийн ихэнх нь таргалалттай, бодисын солилцооны эмгэгтэй байна. Эдгээр хүмүүст даралт ихсэх, өөх тосны хэмжээ нэмэгдэх, цус нь өтгөрөх асуудал байна.

Иймээс иргэд өөрөө зөв хооллох, жингээ барих нь зүрх судасны өвчнөөс хамгаалах гол зүйл. Хүмүүс жингээ барьж байгаа ч даралт нь ихсэх тохиолдол гарна. Гэвч тогтмол даралтын эмээ уухгүй ихэссэн үедээ уудгаас энэ шалтгаан бий болдог. Ихэссэн үед биш дор хаяж 3 цагийн өмнө ууж байж тухайн даралтаа сайн хэвийн хэмжээнд барьж чадна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛЫГ ОЛОН ДАВТАМЖТАЙ МАШ САЙН ОЛГОХ НЬ ЧУХАЛ БАЙНА

-Энэ өвчлөлийг бууруулахад төр, иргэн, эмч 3-ын зүгээс хийх хамгийн чухал зүйл юу вэ?

-Эрүүл мэндийн боловсролыг нэг өгөөд зогсох биш. Ойр ойрхон давтамжтай олон удаа байнга өгч байх хэрэгтэй гэж боддог. Бас нийтээрээ идэвхтэй дасгал хөдөлгөөнийг бий болгох. Нэг удаа 30 минутаар 5 удаа гэж үзэхэд 7 хоногт 5 удаа. 2 өдөрт нь амарч болно.

Эрүүл мэндийн боловсролыг л сайн өгөх хэрэгтэй. Жин ихсэхэд яах вэ? Даралт ихсэнэ. Ингэснээр зүрх судасны өвчлөл үүсэж нас баралтад хүргэнэ гэсэн мсж-ийг л байнга өгөх нь зүйтэй.

Өөрийнхөө төлөө хичээж зүтгэж, хэлсэн зүйлийг дагаж мөрддөг хүмүүс зүрх судасны өвчнөөс 100 хувь урьдчилан сэргийлж чадна. Ийм хүмүүс бий.

АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ ГЭДЭГ ЗҮЙЛ ЧИНЬ ХЭЗЭЭ Ч ЭМИЙН ӨМНӨ ЯВЖ БАЙДАГ.

Ард иргэд өөрсдөө л өөрийгөө сайн хянаад явчих юм бол зүрх судасны өвчний хамгийн том шалтгааныг устгаж чадна.

Иргэн өөрөө өөртөө хариуцлагатай хандах хэрэгтэй. Эрүүл зөв хооллох, дасгал хөдөлгөөн хийх гээд өөрийнхөө төлөө өндөр шаардлага тавьж, хариуцлагатай байх юм бол 100 хувь сэргийлж чадна.

Хүмүүс 100 хувь эмэнд найддаг. Хэзээ ч эмэнд найдаж болохгүй. Хэдийгээр эм тухайн өвчнийг эмчлэхэд зориулагдсан ч гэсэн амьдралын хэв маяг гэдэг зүйл чинь хэзээ ч эмийн өмнө явж байдаг.

Манай монголчууд өвдсөн хойноо л ирдэг юм болов уу гэж би боддог. Нас баралт залуужаад байгаагийн цаана тухайлбал 20 настай хүүхэд байна гэж бодоход тэр илүүдэл жинтэй, сахартай байна. Иймээс энэ хүүхэд энэ өвчнийг өөрийн амьдралын хэв маягаасаа л олж байгаа хэрэг.

Мэдээллийг бэлтгэсэн:

Ч.Отгонцэцэг - Сэлэнгийн мэдээ сонины эрхлэгч

С.Эрдэнэтуяа - Сэлэнгэ аймгийн НЭМТ-ийн мэргэжилтэн

Статистик, зарыг үзэх

Нийтлэлийг дэмжих

Бүх хариу үйлдэл:

6Швко Г., Battsetseg Badral ба өөр 4 хүн