ДЭМБ-ЫН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛ ХЭРХ ТОСГОНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД АЖИЛЛАЛАА.

A- A A+
ДЭМБ-ЫН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛ ХЭРХ ТОСГОНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД АЖИЛЛАЛАА.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Саиа Ма'у Пиукала, Монгол Улсын Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр тэргүүтэй төлөөлөгчид 2026 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгоны Эрүүл мэндийн төвд ажиллалаа. 

 

Айлчлалын үеэр төлөөлөгчид тус төвийн үйл ажиллагаатай танилцаж, анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар, мөн ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүнтэй газар дээр нь танилцсан.

Хэрх тосгоны Эрүүл мэндийн төв нь мобайл технологид суурилсан үзлэг, оношилгоо, цахим бүртгэл, эрсдэлийн үнэлгээ зэрэг үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж буйгаа танилцуулж, хөдөөгийн алслагдсан багуудад хүрч ажилладаг “Хөдөөгийн үзлэг”-ийн багийн үйл ажиллагаагаа танилцууллаа.

Тус баг нь алслагдсан иргэдэд зүрхний цахилгаан бичлэг, дотрын эмчийн үзлэг, ахмад настны эрүүл мэндийн үнэлгээ зэрэг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг мобайл технологийн дэмжлэгтэйгээр хүргэж байгаа бөгөөд төлөөлөгчид уг үйл ажиллагаатай газар дээр нь танилцан, анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг өндрөөр үнэлж, хэрэгжүүлж буй төслийн үр дүнг сайшаалаа.

Айлчлалын бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийн газрын ахлах шинжээч М.Оюунчимэг, Нийгмийн эрүүл мэндийн бодлого, хэрэгжилтийн газрын мэргэжилтэн Ж.Алтансувд, Төрийн захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Б.Оргил, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др. Сокорро Эскаланте, Мэдээлэл, стратеги, инновацын хэлтсийн дарга Хиромаса Окаясу, Харилцаа холбоо хариуцсан мэргэжилтэн Рой Вадиа, ДЭМБ-ын мэргэжилтнүүд Б.Дуламрагчаа, П.Анузаяа, Ц.Жаргалан нар хамт ажиллаж байна.

ЭХ СУРВАЛЖ: Эрүүл мэндийн газар