Мэдээлэл
“ТамхиныХяналтынТухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийн хэлэлцүүлэг Сэлэнгэ аймагт боллоо.
Монгол улсын Засгийн газар Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулж буй “Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийн хэлэлцүүлэг Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газарт 03 дугаар сарын 09-ний өдөр болсон байна.
Энэ удаагийн хэлэлцүүлгийг Монгол Улсын нэгдэн орсон “Тамхины хяналтын суурь Конвенц”-д нийцүүлэх мөн тамхины төрлийн бүтээгдэхүүнд утаат болон утаагүйг хамаатуулахын зэрэгцээ, электрон тамхийг хуульчлах, шаардлагатай тохиолдолд онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах зорилготой зохион байгуулж байна.
Хэлэлцүүлэгт эрүүл мэнд, боловсролын салбар болон төрийн байгууллагын төлөөллүүд мөн хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар, иргэний төлөөлөл болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцлоо.
#Тодруулга:
Тамхины тахалтай тэмцэх асуудал зөвхөн эрүүл мэндийн асуудал төдий бус бүхэл бүтэн улс, үндэстний төдийгүй дэлхий нийтийн хөгжлийн тулгамдсан асуудал болсоор байна. Эрүүл мэндийн яамнаас ээлжит хаврын чуулганд хуулийн төсөл өргөн барихаар аймгуудад хэлэлцүүлэг зохион байгуулан ажиллаж байна.
Тамхи нь халдварт бус өвчинд өртөх суурь шалтгааны нэг бөгөөд дэлхийн эрүүл мэндийн салбар үүнтэй тэмцсээр ирсэн цаашид ч тэмцсээр байх юм.
Хүн амын өвчлөл, нас баралтад нөлөөлж байгаа зонхилох 10 эрсдэлт хүчин зүйлээс хамгийн түгээмэл, анхдагч эрсдэлт хүчин зүйлс нь тамхидалт. Сүүлийн 10 жилд тамхинаас үүдэлтэй зүрх судасны эмгэгээр нас барах явдал 2 дахин нэмэгдэж, нас барж байгаа 3 хүн тутмын нэг нь зүрх судасны эмгэг, 5 хүн тутмын нэг нь хорт хавдрын улмаас нас барж байна гэсэн тоон үзүүлэлт гарсан. Эдгээр өвчлөлтүүд нь бүгд тамхитай холбоотой.
Монгол улсын нийт хүн амын 24.2 хувь буюу дөрвөн хүн тутмын нэг нь тамхи татдаг. Эрэгтэйчүүдийн 49.1, эмэгтэйчүүдийн 5.3 хувь, 13-15 насны хүүхдүүдийн 14.3 хувь нь тамхи татдаг гэж судлан тогтоосон байна. Мөн манай улсад 2017-2019 оны хооронд импортоор оруулж ирсэн тамхины хэмжээ 68 дахин өсөж үүнийгээ дагаад хэрэглээ ч мөн адил өссөн байх жишээтэй.
Иймд электрон тамхийг хуульчлах, дотоод орчинд татахыг хориглох, үйлдвэрлэх, экспортлох, импортлох тусгай зөвшөөрлийн зохицуулалтыг боловсронгуй болгох нийгмийн хэрэгцээ шаардлага үүссэн тул орон нутагт дээрх хэлэлцүүлгийг зохион байгуулан ажиллаж байгаа юм.